|
Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус, цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн “Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г үндэслэн МХШҮГ-ын даргын 2009 оны 12 сарын 22-ны өдрийн 8/4116 тоот албан бичгээр Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгуудын Засаг даргын тамгын газарт, 23-ны өдрийн 8/4128 тоот албан бичгээр Архангай, Баянхонгор, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудын Засаг даргын тамгын газарт анхааруулга явуулж, авсан арга хэмжээнийхээ талаар эргэж мэдээлэхийг мэдэгдсэн юм.
Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтэс, Говь-Алтай аймгийн Онцгой комисс, Өвөрхангай аймгийн засаг дарга, Өмнөговь, Завхан, Дорнод аймгуудын Засаг даргын тамгын газраас авч байгаа арга хэмжээнийхээ талаар мэдээлэл ирүүлсэн байна. Үүнд: Дундговь аймагт: • Сэрэмжлүүлэх мэдээг бүх сум, баг, аж ахуйн нэгж, байгууллагад 6 заалттай албан бичгээр хүргүүлсэн. • Онцгой комиссын хариуцлагатай эргүүлийг 24 цагаар онцгой байдлын хэлтсийн байранд ажиллуулж, сум, аж ахуйн нэгж, байгууллагаас цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэдээллийн хуваарийг гарган ажиллаж байна. • Сум, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлагатай эргүүл жижүүрийг томилон ажиллуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон аюулгүй байдлыг ханган ажиллах талаар албан тоот хүргүүлжээ. Говь-Алтай аймагт: • Сэрэмжлүүлэх мэдээг сум, багуудад хүргэсэн. Цогт суманд G mobile-ийн сүлжээгүй байгаагаас мэдээг хүргэх боломжгүй байна. • Аймгийн радио, телевизээр өдөрт 3 удаагийн давтамжтайгаар ард иргэдэд цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг тогтмол хүргэж байна. • Онцгой байдлын хэлтэстэй хамтран 24 цагааар хариуцлагатай эргүүл жижүүрийг ажиллуулж, сум, орон нутгаас 3 цаг тутам цагийн байдлын тухай мэдээлэл авч, холбогдох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэн, удирдлагаар ханган ажиллаж байна. Өвөрхангай аймаг: • Аймгийн Онцгой байдлын гишүүдийн хурлыг 22-ны өдөр хуралдуулж, цаг агаарын аюулт үзэгдлээс хүн, малыг авран хамгаалах асуудлыг хэлэлцэв. • Мэдээг бүх сумдад хүргэн, малыг хол бэлчээхгүй, бага насны хүүхдийг явуулахгүй байх ажлыг бүх шатанд зохион байгуулсан. • Сумдын Онцгой комиссын гишүүдийг сумын штаб дээр байнга жижүүрлүүлж, баг, малчидтай болон аймгийн онцгой комисстой 2 цаг тутам холбоотой ажиллахыг үүрэг болгосон. • Ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хараа хяналтгүй явуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, эцэг, эхчүүдэд үүрэг болгосон. • Зорчигч тээврийн хот хоорондын болон сум хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн 24-26-ны өдрүүдэд замд гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авсан. • Орон нутгийн радио, телевиз, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг байнга явуулж байна. Өмнөговь аймаг: • Аймгийн Засаг дарга бүх сумдын Засаг дарга нарыг 12 дугаар сарын 21-ны өдөр тусгайлан хүлээн авч уулзан цаг үеийн болон мал өвөлжилт, хаваржилтын байдалтай танилцан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар даалгавар өгч, H1N1 ханиадын томуу гарч онц байдал зарласан хүндрэлтэй байгаа зарим сумдын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ. • Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр аймгийн Засаг дарга цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авч иргэдэд мэдээлэх, холбоо, мэдээллийн найдвартай ажиллагааг хангах, урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарах талаар үүрэг өгсөн. • Мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлэх ажлыг хийж байна. Завхан аймаг. • Улиастай хотод болсон “Бизнес форум”-д оролцсон бүх сумдын Засаг дарга нарт цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож, 21-ны өдөрт багтаж сумдадаа очсон байхыг мэдэгдсэн. • Аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, цаг агаарын гамшигт үзэгдлийн үед хэрхэн ажиллах талаар санал солилцож, Онцгой комиссын албан даалгавар гарган, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. • Аймгийн Ус, цаг уурын орчны шинжилгээний алба бух сумдын цаг уурын станцаараа дамжуулан цаг уурын аюултай үзэгдлийн талаарх мэдээллийг дамжуулж байна • Орон нутгийн телевиз, радиогоор сэрэмжлүүлэг явуулж байна. Дорнод аймаг: • Онцгой комиссын шуурхай хуралдааныг зохион байгуулан 16 аж ахуйн нэгж, 14 суманд сэрэмжлүүлэх мэдээг шуурхай хүргүүлж, салхи шуурганы үед дулааны болон нам даралтын уурын зуухны шугам сүлжээ хөлдөхөөс урьдчилан сэргийлэх, малчид малыг ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авахыг үүрэг болгосон. • Телевиз, радио, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг мэдээг олон давтамжтайгаар иргэдэд хүргэж байна. • Аймгийн төвийн байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн албад, 14 суманд 7 хоногийн хугацаатай хариуцлагатай жмижүүрийг 24 цагаар томилон ажиллуулж, цаг агаарын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар 2 цаг тутам мэдээлж, аймгийн Онцгой байдлын хэлтсийн шуурхай жижүүрийн утсаар хүлээн авч байна. • Аймаг, сум, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 24-ний өдрөөс хязгаарлан, аймгийн төвийн сургуулиудын бага ангийн хичээлийг түр хугацаагаар хаах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. • 23-ны өдрийн байдлаар Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Гурванзагал зэрэг сумдад цасан шуургатай, бусад сумдаар цас орж байгаа тухай мэдээг сумдын онцгой комиссын жижүүрээс ирүүлсэн байна. • Онцгой байдлын хэлтэст шуурхай албаны туулах чадвар сайтай УАЗ фургон, ГАЗ-66 марзийн 2 автомашин, 78 аврагчид бэлэн байдалд ажиллаж байна. |