|
Нэг. Улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбарын эзлэх байр суурь: Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь бусад хүчин зүйлээс илүүтэйгээр байгаль, цаг агаараас хамааралтай бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь үндсэндээ хүн амын хүнсний хэрэглээ, боловсруулах үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын түүхий эдийн хэрэглээг хангахад чиглэгддэг. Дэлхийн олон улс орнуудын нэгэн адил манай улсын эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбар нь ихээхэн чухал байр эзэлдэг салбарын нэг юм. Монгол улсын эдийн засгийн гол үндэс болсон хөдөө аж ахуйн салбар нь 2008 оны байдлаар улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18,8 орчим, экспортын орлогын 10,0 гаруй хувийг бүрдүүлж нийт ажиллах хүчний 36,0 гаруй хувь нь энэ салбарт ажиллаж байна. Хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний 89.3 хувийг мал аж ахуйн салбар дангаараа үйлдвэрлэж байна. Салбарын бүтцээр анхдагч салбар буюу хөдөө аж ахуйн салбар, үүн дотроо мал аж ахуйн салбар 1999 он хүртэл ДНБ-ий 30-40 орчим хувийг үйлдвэрлэж, 2000 оноос хойш хөдөө аж ахуйн салбарт учирсан байгалийн гамшиг, үйлчилгээний салбарын өсөлтөөс шалтгаалж, хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувийн жин буурч, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хувийн жин өссөөр байна. Хөдөө аж ахуйн салбар, үүний дотор мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл нь боловсруулах аж үйлдвэрийн салбарын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нэхмэл эдлэл үйлдвэрлэлийн салбарын түүхий эдийг нийлүүлж, боловсруулах салбар болон үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, газар тариалангийн салбар нь хүн амыг аюулгүй баталгаат хүнсээр хангах үндсэн нөхцөл нь болсоор байна. Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар: Улсын хэмжээнд малын тоо урьд оныхоос 3.0 сая буюу 7.5 хувиар өсөж 43.3 саяд хүрсний дотор Баянхонгор, Булган, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгууд мал сүргээ таван төрөл дээр нь өсгөсөн сайхан амжилт гаргалаа. Сүргийн бүтцийг төрлөөр нь авч үзвэл ямаа 46.1, хонь 42.4, үхэр 5.8, адуу 5.1, тэмээ 0.6 хувийг эзэлж байна. Нийт малынхаа тоогоор Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Завхан, Төв аймгууд тэргүүлж байна. Өнгөрсөн өвөл, хавар мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан аймаг, орон нутгаас тавьсан санал хүсэлтийг судлан үзэж Засгийн газраас нийт 4 удаагийн шийдвэр гарган хүндрэлтэй байгаа аймгуудад 10.0 мян.тн өвсийг үнэгүй, 4.0 мян.тн өвсийг үнийг нь 50.0 хувиар, 2.0 мян.тн өвсний үнийг нь 20 хувиар тус тус хөнгөлж олгох, малчдад өвс, тэжээл хүргэх тээврийн зардлыг шийдвэрлэх, 5 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зүүн аймгуудад тохиолдсон цаг агаарын гамшигт үзэгдэлийн хохирлыг арилгах зэрэг арга хэмжээнд зориулан нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн хөрнгө гарган шийдвэрлсэн нь тодорхой үр дүнгээ өгсөн. Үүний үр дүнд мал аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүний экспортоос өнгөрсөн жилд нийтдээ 269,1 тэрбум төгрөгийн орлого олсон бөгөөд үүний дотор 89.2 хувийг ноос, ноолуураас, 8.2 хувийг махнаас, 2.5 хувийг арьс, ширнээс, 0.1 хувийг сүү, цагаан идээнээс тус тус олсон байна. Засгийн газраас үйлдвэрлэл эрхлэгчдэд хөрөнгө, санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэхэд нэлээд анхаарал тавьж ажиллалаа. Фермерүүд, хоршоо, эрчимжсэн мал аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор нийтдээ 80 гаруй малчид, фермерүүдэд 200.0 сая төгрөгийн зээл, сүү махны чиглэлийн 100 өсвөр үхэр, 165 арвин ашиг шимтэй үржлийн гахай олгосноос гадна цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх зорилгоор Төв, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хот орчмын 12 томоохон аж ахуйн нэгжид импортоор авсан саалийн цэвэр үүлдрийн 300 толгой үхэр болон 700.0 сая төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлсний дүнд эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч фермерийн аж ахуйн тоо 980 болж урьд оныхоос 230-аар нэмэгдлээ. Дотоод, гадаадын санхүүжилтийн эх үүсвэрээр бага оврын тракторыг дагалдах хадлан, тэжээлийн тоног төхөөрөмжийн хамт 415 ширхэг, тэжээл үйлдвэрлэх бага, дунд оврын цех 12-ыг худалдан авч 50 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэд, малчдад олгох, орон нутагт хадлангийн талбайг хашиж сайжруулах зорилгоор 10 иргэн, аж ахуйд нийт 160.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд улсын хэмжээнд нийтдээ 1.0 сая гаруй тн хадлан, 42.9 мян.тн тэжээл бэлтгэсэн нь өнгөрсөн оныхоос 80.0 гаруй мянган тн-оор илүү байна. Бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвийн 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үлийн цагаан огтнотой 660.0 мян.га, царцаатай 103.5 мян.га, нийт 763.5 мян.га талбайд тэмцэх арга хэмжээг 100.4 хувийн гүйцэтгэлтэйгээр зохион байгуулсан нь тэмцсэн талбайн хэмжээ өмнөх оныхоос 252.4 мян.га талбайгаар нэмэгдэв. Өнгөрсөн онд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор улсын төсвийн 8.0 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 21 аймаг, нийслэлийн бэлчээрт нийт 668 худгийг шинээр барьж ашиглалтад оруулснаас гадна 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 218 худгийг сэргээн засварласан нь нийтдээ 1.3 сая га бэлчээрийг усжуулан, 2.5 сая мал, 3500 гаруй малчин өрхийг усаар хангах боломж нөхцөлийг бүдүүлсэн байна. Мөн бэлчээрийн усны хайгуулын ажлыг Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс аймгийн зарим суманд хийж 508 устай цэг тогтоох ажлыг зохион байгуулав. Малын халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх эмчлэн сэргийлэх арга хэмжээнд давхардсан тоогоор 37.4 сая малыг хамруулан 98.5 хувийн биелэлттэй зохион байгуулсны дүнд улсын хэмжээнд халдварт өвчний гаралтыг 1.7 хувиар, паразиттах өвчний гаралтыг 0.1 хувиар тус тус бууруулж чадлаа. Манай улс анх удаа Олон улсын жишигт хүрсэн био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн лабораторийг ашиглалтад оруулснаар мал, амьтны вирусын гаралтай халдварт өвчнийг шуурхай оношлох, малаас хүнд халдварладаг аюулт өвчний халдвараас хамгаалах, лабораториос халдварыг гадагш алдахгүй байх найдвартай нөхцөлийг бүрдүүлэв. Мөн мал, амьтны экспорт, импорт болон улсын хилээр дамжин өнгөрүүлэх үеийн мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөл болон хил орчмын бүсэд мал эмнэлгийн үзлэг шинжилгээг хамтран хэрэгжүүлэх арга хэмжээг сайжруулах зорилгоор ОХУ, Монгол Улсын яам хоорондын 16 заалт бүхий Протокол байгуулсны дүнд ОХУ-д мал, амьтан, мах экспортлох нөхцлийг бүрдүүлээд байна. БНХАУ-тай Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах протокол, үржлийн үхэр, үр хөврөл, үржлийн болон хэрэглээний адуу импортлох, экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн нөхцөлийг тохиролцож протокол байгуулж гарын үсэг зурлаа. Малын бэлчээр, тэжээлийн хүрэлцээ, хангамж Бэлчээрийн хүрэлцээ. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2008 оны газрын нэгдмэл сангийн урьдчилсан тайлангаар манай улсын бэлчээр хадлангийн талбай 113.3 сая.га талбайд хүрч, өмнөх оныхоос 0.2 хувиар буюу 194.6 мян.га-гаар буурсан байна 100 га талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо Орхон аймагт 1048, Улаанбаатарт 297, Дархан-Уул аймагт 288, Архангай аймагт 170, Булган аймагт 160, Хөвсгөл аймагт 142 толгой байгаа нь бусад аймаг болон улсын дундажтай харьцуулахад өндөр байна. Бүсээр авч үзвэл, Хангайн бүс, Улаанбаатарт 100 га хадлан, бэлчээрийн талбайд хонин толгойд шилжүүлснээр 102-297 толгой мал ногдож байгаа нь улсын дунджаас 35-216 толгойгоор өндөр байна. Уг үзүүлэлтээс харахад төвлөрсөн хот, суурин газар, мал ихтэй аймагт 100 га-д ногдох малын тоо толгой өндөр болж, бэлчээрийн даац хэтэрсэн байна. Малын тэжээлийн үйлдвэрлэл, хангамж. 2008 онд улсын хэмжээгээр тэжээлийн нэгжид шилжүүлснээр 560.5 мян.тн тэжээл үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 9.2 хувь буюу 47.0 мянган тонноор өсөв. Бэлтгэсэн тэжээлийг нэр төрлөөр, өмнөх оныхтой харьцуулан авч үзвэл бэлтгэсэн байгалийн хадлан, сүрэл, эрдэс тэжээлийн хэмжээ 6.5-10.5 хувиар буюу 2.6-97.8 мян.тн-оор өсч, гар тэжээл, бэлтгэсэн дарш 2.8-30.8 хувиар буюу 0.4-1.0 мян.тн-оор буурсан байна. Тэжээл бэлтгэлтийн хэмжээ /тэжээлийн нэгжээр/ Орхон, Дорноговь, Увс, Завхан, Дорнод, Говь-Алтай, Дархан-Уул, Ховд, Дундговь, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Архангай, Төв аймагт өмнөх оныхоос 45.4-11182.1 тонноор өсч, бусад аймагт 25.0-6553.0 тонноор буурав. Бүсээр авч үзвэл, тэжээл үйлдвэрлэлтийн хэмжээ /тэжээлийн нэгжээр/ Хангай, Төвийн бүс, Улаанбаатарт өмнөх оныхоос 11.6-31.0 хувиар буюу 3.2-26.7 мянган тонноор өсч, Зүүн, Баруун бүсэд 1.0-2.0 хувиар буюу 1.3-1.6 мянган тонноор буурсан байна. Нийт тэжээлийн 21.2 хувь нь Баруун, 33.2 хувь нь Хангай, 29.2 хувь нь Төвийн, 13.9 хувь нь Зүүн, 2.4 хувь нь Улаанбаатарт бэлтгэгдсэн байна. Бэлчээр, ургамал хамгаалал. ХХААХҮЯ-ны мэдээгээр бэлчээр, бэлчээрийн ургамлыг хамгаалах ажлын хүрээнд 2008 онд нийт 16 аймгийн 112 сумын 660.0 мянга га бэлчээрийн талбайд үлийн цагаан оготнотой, 5 аймгийн 28 сумын 103.5 мянган га талбайд царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулсан нь зохих үр дүнгээ өгсөн байна. Үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд нийт 1070.0 сая төгрөг, царцаатай тэмцэх ажилд 800.6 сая төгрөгийг 2008 онд тус тус зарцуулсан байна. Эрчимжсэн фермерийн аж ахуй Цэвэр үүлдрийн болон эрлийз, нутгийн шилдэг омгийн мал. 2008 онд цэвэр үүлдрийн 1794.7 мянган мал, эрлийз 641.9 мянга, сайжруулсан нутгийн үүлдрийн 1783.9 мянган мал, нутгийн шилмэл омгийн 721.0 мянган мал тоологдов. Өмнөх оныхтой харьцуулахад цэвэр үүлдрийн мал 10.1 хувиар буюу 202.7 мянган толгойгоор, нутгийн шилдэг омгийн мал 3.3 хувь буюу 24.6 мянган толгойгоор тус тус буурч, эрлийз мал 34.9 хувь буюу 166.1 мянган толгойгоор, сайжруулсан нутгийн үүлдрийн мал 11.4 хувь буюу 182.9 мянган толгойгоор тус тус өссөн байна. Нийт малын 4.1 хувийг цэвэр үүлдрийн мал, 1.5 хувийг эрлийз үүлдрийн мал, 1.7 хувийг нутгийн шилдэг омгийн мал, 4.1 хувийг сайжруулсан нутгийн үүлдрийн мал тус тус эзэлж байна. Эрчимжсэн фермерийн аж ахуй. Хот суурин газрын хүн амыг аюулгүй хүнс тэжээлээр хангах хэрэгцээ шаардлагын улмаас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар төр засгаас ихээхэн анхаарч байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд эрчимжсан фермерийн аж ахуйн тоо нэлээд нэмэгдэж, энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсээр байна. ХХААХҮ яамны мэдээгээр сүү, махны чиглэлийн төрөлжсөн мал болон гахай, шувуу үржүүлэх тэжээл үйлдвэрлэх, тэжээлийн ургамал тариалах зорилгоор ирүүлсэн төслүүдэд сонгон шалгаруулалт хийж 90 аж ахуйн нэгж, иргэнд 705.0 сая төгрөгний зээлийн дэмжлэг үзүүлжээ. Газар тариалангийн бүс нутаг болон бүсийн тулгуур төвүүдэд саалийн эрчимжсэн аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашиг шим сайтай шар тарлан үүлдрийн 100 толгой, хар тарлан үүлдрийн 455 толгой өсвөр үхэр, махны чиглэлийн үржлийн 165 толгой өсвөр гахайг тодорхой нөхцөл, шаардлага хангасан Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Орхон, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн нийт 52 фермер, аж ахуйд 2-5 жилийн дотор төлөөр нь эргүүлэн төлөх гэрээ хийж тус бүрт 5-50 толгойгоор олгох арга хэмжээг зохион байгуулжээ. 2008 оны байдлаар улсын хэмжээнд 980 эрчимжсэн аж ахуй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өмнөх оныхтой харьцуулахад фермерийн аж ахуйн тоо 230 буюу 30.7 хувиар нэмэгдсэн байна 2008 онд сүүний чиглэлийн нэг фермерийн аж ахуйд 31 толгой үхэр, махны чиглэлийн нэг фермерийн аж ахуйд 110 толгой үхэр, мах, ноосны чиглэлийн нэг фермерийн аж ахуйд 537 толгой хонь, гахайн нэг фермерийн аж ахуйд 69 гахай, тахианы нэг фермерийн аж ахуйд 1365 тахиа, зөгийн нэг фермерийн аж ахуйд 30 бүл зөгий ногдож байна. Эрчимжсэн фермерийн аж ахуйн 13.6 хувь нь Улаанбаатар хотод, 23.5 хувь нь Төв аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байна. Мөн Засгийн газрын “Малын чанар сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд 14 аймгийн үхрийн цөм сүргээс энэ онд 1000 гаруй үржлийн өсвөр хээлтүүлэгч бойжуулж иргэн, аж ахуйн нэгжийн хэрэгцээнд нийлүүлсэн байна. Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Мах-сүүний үүлдрийн үхрийн зохиомол хээлтүүлгийн 36 салбар ажиллуулж 3120 үнээнд, бог малын зохиомол хээлтүүлгийн 38 салбар ажиллуулан үр үйлдвэрлэх болон гүн хөлдөөсөн үр ашиглах замаар 8568 малд зохиомол хээлтүүлэг хийжээ.
|