|
Цэвэр үүлдрийн болон эрлийз, нутгийн шилдэг омгийн мал. 2008 онд цэвэр үүлдрийн 1794.7 мянган мал, эрлийз 641.9 мянга, сайжруулсан нутгийн үүлдрийн 1783.9 мянган мал, нутгийн шилмэл омгийн 721.0 мянган мал тоологдов. Өмнөх оныхтой харьцуулахад цэвэр үүлдрийн мал 10.1 хувиар буюу 202.7 мянган толгойгоор, нутгийн шилдэг омгийн мал 3.3 хувь буюу 24.6 мянган толгойгоор тус тус буурч, эрлийз мал 34.9 хувь буюу 166.1 мянган толгойгоор, сайжруулсан нутгийн үүлдрийн мал 11.4 хувь буюу 182.9 мянган толгойгоор тус тус өссөн байна. Нийт малын 4.1 хувийг цэвэр үүлдрийн мал, 1.5 хувийг эрлийз үүлдрийн мал, 1.7 хувийг нутгийн шилдэг омгийн мал, 4.1 хувийг сайжруулсан нутгийн үүлдрийн мал тус тус эзэлж байна. Эрчимжсэн фермерийн аж ахуй. Хот суурин газрын хүн амыг аюулгүй хүнс тэжээлээр хангах хэрэгцээ шаардлагын улмаас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар төр засгаас ихээхэн анхаарч байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд эрчимжсан фермерийн аж ахуйн тоо нэлээд нэмэгдэж, энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсээр байна. ХХААХҮ яамны мэдээгээр сүү, махны чиглэлийн төрөлжсөн мал болон гахай, шувуу үржүүлэх тэжээл үйлдвэрлэх, тэжээлийн ургамал тариалах зорилгоор ирүүлсэн төслүүдэд сонгон шалгаруулалт хийж 90 аж ахуйн нэгж, иргэнд 705.0 сая төгрөгний зээлийн дэмжлэг үзүүлжээ. Газар тариалангийн бүс нутаг болон бүсийн тулгуур төвүүдэд саалийн эрчимжсэн аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашиг шим сайтай шар тарлан үүлдрийн 100 толгой, хар тарлан үүлдрийн 455 толгой өсвөр үхэр, махны чиглэлийн үржлийн 165 толгой өсвөр гахайг тодорхой нөхцөл, шаардлага хангасан Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Орхон, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн нийт 52 фермер, аж ахуйд 2-5 жилийн дотор төлөөр нь эргүүлэн төлөх гэрээ хийж тус бүрт 5-50 толгойгоор олгох арга хэмжээг зохион байгуулжээ. 2008 оны байдлаар улсын хэмжээнд 980 эрчимжсэн аж ахуй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өмнөх оныхтой харьцуулахад фермерийн аж ахуйн тоо 230 буюу 30.7 хувиар нэмэгдсэн байна 2008 онд сүүний чиглэлийн нэг фермерийн аж ахуйд 31 толгой үхэр, махны чиглэлийн нэг фермерийн аж ахуйд 110 толгой үхэр, мах, ноосны чиглэлийн нэг фермерийн аж ахуйд 537 толгой хонь, гахайн нэг фермерийн аж ахуйд 69 гахай, тахианы нэг фермерийн аж ахуйд 1365 тахиа, зөгийн нэг фермерийн аж ахуйд 30 бүл зөгий ногдож байна. Эрчимжсэн фермерийн аж ахуйн 13.6 хувь нь Улаанбаатар хотод, 23.5 хувь нь Төв аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байна. Мөн Засгийн газрын “Малын чанар сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд 14 аймгийн үхрийн цөм сүргээс энэ онд 1000 гаруй үржлийн өсвөр хээлтүүлэгч бойжуулж иргэн, аж ахуйн нэгжийн хэрэгцээнд нийлүүлсэн байна. Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Мах-сүүний үүлдрийн үхрийн зохиомол хээлтүүлгийн 36 салбар ажиллуулж 3120 үнээнд, бог малын зохиомол хээлтүүлгийн 38 салбар ажиллуулан үр үйлдвэрлэх болон гүн хөлдөөсөн үр ашиглах замаар 8568 малд зохиомол хээлтүүлэг хийжээ.
|