Бэлчээрийн хүрэлцээ

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2013 оны газрын нэгдмэл сангийн урьдчилсан тайлангаар манай улсын бэлчээр хадлангийн талбай 112.7 сая га байгаа нь өмнөх оныхоос 0.3 сая га буюу 0.3 хувиар буурч, 1964 оныхоос 7.7 хувь буюу 9.4 сая га-гаар багасчээ.

2014 онд 100 га бэлчээрийн талбайд хонин толгойд шилжүүлснээр 76 толгой мал ноогдож байгаа нь өмнөх оныхоос 10 толгойгоор өссөн байна.

Бэлчээрийн хүрэлцээ хангамж

1967 2010 2011 2012 2013 2014
Бэлчээр хадлангийн талбай, сая га 122.1 113.0 113.0 112.7 112.7 112.7
Хонин толгойд шилжүүлсэн малын тоо, сая тол 49.3 54.8 60.2 67.3 74.7 86.2
100 га бэлчээр хадлангийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 40 49 53 60 66 76

Өнгөрсөн 48 жилийн хугацаанд буюу 1964 оныхтой харьцуулбал бэлчээрийн талбай 9.4 саяга-гаар багасч, хонин толгойд шилжүүлсэн нийт малын тоо 36.9 сая толгойгоор өссөн байна. Үүнтэй холбогдон 100 га бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 1.8 дахин нэмэгджээ.

Монгол орны бэлчээрийн багтаамж дунджаар хонин толгой шилжүүлснээр 74.6 сая мал барих боломжтой бөгөөд тухайн жилийн ургац, улирлын байдлаас шалтгаалан 30 хүртэл хувиар хэлбэлзүүлэх боломжтой гэж үздэг. Жилийн эхэнд тоологдсон малын тоо хонин толгойд шилжүүлснээр 86.2 сая буюу дундаж хэмжээнээс 15.5 хувиар илүү байна. Хадлан бэлчээрийн 100 га талбайд хонин толгойд шилжүүлснээр 76 хонин толгой ноогдож байна.

100 га бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо

100 га бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо Орхон аймагт 857, Улаанбаатарт 353, Дархан-Уул аймагт 290, Булган аймагт 198, Архангай аймагт 195, Сэлэнгэ аймагт 146 толгой байгаа нь улсын дунджаас 2.4-14.3 дахин өндөр байна. Бүсээр авч үзвэл, Хангайн бүс, Улаанбаатарт 100 га бэлчээрийн талбайд хонин толгойд шилжүүлснээр 113-353 толгой мал ногдож байгаа нь улсын дунджаас 49-289 толгойгоор өндөр байна. Дээрх байдлаас үзэхэд төвлөрсөн хот, суурин газар, мал ихтэй бүс нутаг, аймагт бэлчээрийн даац хэтэрсэн хэвээр байна.

Бэлчээрийн усан хангамжийн чиглэлээр 2014 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ:

- Улсын төсвийн хөрөнгөөр 21 аймаг, Улаанбаатар хот, отрын бүс нутагт 7,0 тэрбум төгрөгөөр нийт инженерийн хийцтэй 465 худгийг шинээр барьж байгуулсан. Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Төв, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад 1,0 тэрбум төгрөгөөр 70 гаруй худагт сэргээгдэх эрчим хүчээр ажиллах ус өргүүр суурилуулж ашиглалтанд оруулаад байна.

- Аймаг, орон нутаг дахь мэргэжлийн байгууллагын өрөмдлөгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор өндөр хүчин чадалтай өрөмдлөгийн суурь машиныг компрессор, дагалдах хэрэгсэлийн хамт 4 иж бүрдлийг нийт 2,0 тэрбум төгрөгөөр худалдан авч Баян-Өлгий, Дундговь, Хөвсгөл, Төв аймгуудын аж ахуйн нэгжүүдэд түрээсийн гэрээгээр эзэмшүүлэв.

- Газрын доорхи усны геофизикийн хайгуулын ажлыг Дорнод, Завхан, Хөвсгөл, Архангай, Төв, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 417 бэлчээр хийж гүйцэтгэв.

Бэлчээрийн ургамал хамгаалал:

Бэлчээрийн ургамлыг хөнөөлт мэрэгч амьтан, шавьжаас хамгаалах ажлын хүрээнд 2014 онд 9 аймгийн 72 сумын 540.0 мянган га бэлчээрийн талбайд үлийн цагаан оготнотой, 4 аймгийн 20 сумын 112.5 мянган га талбайд царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулсан нь бэлчээрийн даац, хүртээмжийг нийт 652.5 мянган га талбайгаар нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэв. 

2014 онд улсын төсвөөс үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд 1069.4 сая төгрөг, царцаатай тэмцэх ажилд 592.8 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.

 

                 hom1