Гурилын үйлдвэрлэл


Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, МУ-ын Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд импортын хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, улмаар экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Хүнсний тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтад “стратегийн хүнс” гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаанбуудай, гурил, ундны усыг хэлнэ гэж заасан байдаг.

Эрүүл мэндийн сайдын 2008 оны 257 тоот тушаалаар баталсан “Жишсэн дундаж хүний илчлэгийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ”-нд заасны дагуу жишсэн дундаж нэг хүний хоногт хэрэглэх гурил (100 гр/хоног), гурилан бүтээгдэхүүний (220 гр/хоног) хэмжээг үндэслэн тооцоход 2014-2015 онд Монгол Улсын нийт хүн ам 276,1 мян.тн гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэгцээтэй байна.

2014 оны буудайн ургац хураалтын дүнгээс харахад буудайн урамшуулалд хамрагдахаар цэвэр жингээр нийт 14 аймгийн 910 тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжээс 46 гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 6 салбарт нийт 349,8 мян.тн улаанбуудай нийлүүлэгдсэн байна.

Гурилын дотоодын үйлдвэрлэл, импортын тоо хэмжээ

Үзүүлэлт     2010         2011         2012         2013         2014    
Хүн амын хэрэгцээ 253,8 258,7 263,3 267,4 276,1
Дотоодын үйлдвэрлэл                                                        143,4 105,2 114,8 246,4 239,4
Гурилын импорт 71,1 70,5 50,3 23,9 11,6
Импортлосон буудай 66,2 7,3 4,0 12,0 34,2

Эх сурвалж : Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо

 

“Гурилын үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн талаар :

2013 онд: 23 гурилын үйлдвэрт 48,7 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг олгож, 1 кг 1-р зэргийн гурилын бөөний үнийг 550 төгрөг, жижиглэнгийн үнийг 650 төгрөгт тогтворжуулав. Эдгээр гурилын үйлдвэрүүд нь 141.3 мянган тонн гурил үйлдвэрлэсэн нь хэрэгцээт гурилын 57,7%-ийг хангасан байна. 2014 онд: 17 гурилын үйлдвэртэй гэрээ байгуулж 11 үйлдвэр 49,0 тэрбум төгрөгийн зээл авч, 1 кг 1-р зэргийн гурилын бөөний үнийг 850 төгрөгт тогтворжуулахаар гэрээ байгуулав. Эдгээр гурилын үйлдвэрүүд нь 167.4 мян.тн гурил үйлдвэрлэсэн нь хэрэгцээт гурилын 70%-ийг хангасан байна.

2015 оны 1 сарын байдлаар: 2 гурилын үйлдвэртэй гэрээ байгуулан арилжааны банкинд хүргүүлэв. 2 үйлдвэр 3,3 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Гэрээгээр зээлийн үнийн дүнгийн 60%-ийг Монголбанкнаас, 20%-ийг арилжааны банкнаас санхүүжүүлж, гэрээний хугацаанд 1 кг 1-р зэргийн гурилын бөөний үнийг 850 төгрөгт тогтворжуулах юм. Хөтөлбөрийн үр дүнд : Хөтөлбөр хэрэгжиж гурилын үйлдвэрүүд Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон бусад аж ахуйн нэгжид хадгалагдаж байсан улаанбуудайг худалдан авах бага хүүтэй хөрөнгийн эх үүсвэртэй болсноор бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөх зээлийн хүүгийн нөлөөлөл багасч, зах зээл дээр гурилын үнэ тогтворжсон нь хөтөлбөр хэрэгжснээр эерэг үр дүн гарсаныг илтгэж байна. 

Гурил, гурилан бүтээгдэхүүний салбарт хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгө оруулалтаар техник, технологийн шинэчлэл болон томоохон үйлдвэрүүдийг барьж байгуулан ашиглалтад оруулж байна. Тухайлбал, “Талх чихэр” ХК БНЧУлсаас чаналгын тоног төхөөрөмж, Орхон аймагт “Эрдэнэт гурил” ХХК хоногт 150 тонн улаанбуудай, хоногт 30 тонн хөх тарианы буудай боловсруулах хүчин чадалтай, Турк улсын Алапала фирмийн босоо технологи бүхий тоног төхөөрөмж бүхий үйлдвэр, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд “Жавхлант групп” ХХК хоногт 120 тонн улаанбуудай боловсруулах хүчин чадалтай БНХАУ-ын тоног төхөөрөмжтэй үйлдвэрүүдийг тус тус ашиглалтанд оруулаад байна.

Цаашид гурил, гурилан бүтээгдэхүүний салбарт дараах зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:

• Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх
• “Хүнсний тухай” болон “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийн хүрээнд үйлдвэрлэгч нарт хуулийг сурталчлан таниулах, үйлдвэрийн ажиллагсадыг мэргэшүүлэх, дадлагажуулах сургалтуудыг зохион байгуулах
• Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чанарын удирдлагын систем, эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо, зохистой дадал нэвтрүүлэх эдгээр болно.

                 hom1