Танилцуулга

Хөдөө аж ахуй нь манай орны уламжлалт салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг үйлдвэрлэж хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж байгаагийн хувьд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшинг тодорхойлох нэг үндэс байсаар ирсэн, өнөө ч энэ ач холбогдлоо алдаагүй байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд мал аж ахуйн салбарын гүйцэтгэх үүрэг (хувиар)

Үзүүлэлт 1995   2000   2005   2009   2010   2011   2012   2013  
Дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүний эзлэх хэмжээ 
38.0 33.4 21.7 21.1 15.9 13.0 14.6 14.8
ХАА-н бүтээгдэхүүнд мал аж ахуйн салбарын
эзлэх хэмжээ 
85.2 87.6 82.2 82.5 75.0 79.2 81.2 88.1

Төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон манай хөдөөгийн иргэдийн шургуу хөдөлмөрийн үр дүнд тус салбарт сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарч байгаа ч дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эзлэх хэмжээ өсөхгүй байгаа нь эдийн засгийн бусад салбар ялангуяа уул уурхай, аж үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлээр харьцангуй түргэн өсөлт гарсантай холбоотой юм.

Улсын нийт ажиллагсдын 35 орчим хувь тухайн салбарт ажиллаж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоор амьжиргааныхаа үндсэн эх булгийг бүрдүүлж байдаг. Иймд төр, засаг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлж, үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, бүтээмж үр ашгийг дээшлүүлэх улмаар хөдөөд хүмүүс ая тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг улам сайжруулахад байнгын анхаарал тавьсаар ирсэн билээ.

Ази тивийн цээжинд орших бидний амьдран байгаа энэ нутаг нь дэлхийд малыг анх гаршуулж, гэршүүлсэн голомтуудын нэг болох нь түүхийн эх сурвалжуудаар тогтоогдсон билээ. Монгол нутагт шинэ чулуун зэвсгийн үед малыг гэршүүлж улмаар хүрлийн үе буюу өдгөөгөөс 5000 мянга орчим жилийн тэртээгээс амьдрал ахуйн гол эх үүсвэр болгон хэрэглэсээр иржээ.

Эх газрын эрс тэс, экологийн нөхцөлд байгалийн урт хугацааны шалгарал, мал маллагааны олон зууныг дамжиж ирсэн ардын сонгон үржүүлгийн үр дүнд байгаль-цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож ,биологийн онцгой шинжийг хадгалсан нутгийн монгол мал бий болсон юм. Монгол үүлдрийн мал нь жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаанд байж, үржин төлжиж ашиг шимээ өгсөөр ирсэн уламжлалтай билээ.

Манй улсад малчид мэргэжилтнүүдийн олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон болон гадаад орноос авчирч нутагшуулсан 40 гаруй үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, шилдэг омгийн малуудыг үржүүлдэг.

Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнсээр,боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үндсэн эх булаг байсаар ирсэн одоо ч энэ ач холбогдлоо алдаагүй байна. Өөрөөр хэлбэл мал аж ахуйн хөгжлөөс манай орны эдийн засаг ихээхэн хамааралтай хэвээр байна. Иймд мал аж ахуйгаа анхаарч, байгаль цаг уураас хараат байдлыг багасгаж, өгөөж үр ашгийг нь дээшлүүлэх нь чухал байна.

Манай улсын хөдөө аж ахуйн салбар үүний дотор мал аж ахуй нь эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлого, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд жинтэй байр суурь эзэлдэг. Энэ салбараас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын ниит орлогын 10 шахам хувийг бүрдүүлж байна. Улсын нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг бөгөөд бүх хүн амыг шууд бус байдлаар хүнс, тэжээлээр хангадаг.

2014 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд малтай өрх 213.4 мянга, үүний 149.7 мянган малчин өрх, нийт 293.6 мянган малчин байна. Малчдын 37.0 хувийг нь 16-34 насны залуучууд, 53.3 хувийг 36 – /55-60/ насны иргэд, 9.7 хувийг нь тэтгэврийн насны хүмүүс эзэлж байна.

Уламжлалт таван хошуу малын сүргийн бүтцийг төрлөөр авч үзвэл нийт малын 0.7 хувь нь тэмээ, 5.8 хувь нь адуу, 6.6 хувь нь үхэр, 44.7 хувь нь хонь, 42.3 хувь нь ямаа байна. Энэ нь экологи, эдийн засаг, стратегийн хувьд тийм ч зохистой харьцаа биш юм. Улсын хэмжээний нийт малын 99 хувь хувийн өмчид байна.

Монгол улсын малын тоо /мян.толгой/

  Малын төрөл 2000 2005 2009 2010 2011 2012 2013 2014
Тэмээ  322.9  254.2 277.1 269.6 280.1 305.8 321.0 349.3
Адуу  2660.7  2029.1 2221.3 1920.3 2112.9 2230.4 2616.2 2995.2
Үхэр  3097.6  1963.6 2599.3 2176.0 2339.7 2584.6 2905.3 3412.8
Хонь  13876.4  12884.5 19274.7 14480.4 15668.5 18141.4 20036.6 23209.5
Ямаа  10269.5  13267.4 19651.5 13883.2 15934.6 17558.7 19196.7 22003.6
Бүгд  30227.5  30398.8 44023.9 32729.5 36335.8 40920.9 45075.7 51970.4

Эх сурвалж: Монгол улсын статистикийн эмтгэл

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай оронд хүчтэй нөлөөлсний зэрэгцээ 2009-2010 онд тохиолдсон ган, зудын улмаас мал аж ахуйн салбарт ихээхэн хохирол гарч олон мянган өрх амьжиргааны эх үүсвэр болсон малаасаа салж хөдөөд ажилгүйдэл, ядуурал ихэссэн хэдий ч сүүлийн жилүүдэд малын тоо тогтмол өссөөр байна.

Мал аж ахуйн салбараас жилд дунджаар хонины ноос 27.5 мян тн, ямааны ноолуур 6.5 мян тн, бодын хөөвөр 1.3 мян тн, тэмээний ноос 1.7 мян тн –ыг бэлтгэж, 400.0 орчим сая литр сүү үйлдвэрлэхийн зэрэгцээ, дагалдах бүтээгдэхүүн ашиглаж олон зуун сая долларын ашиг олох боломжтой. Хэрвээ түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгосон тохиолдолд орлогын хэмжээ доод тал нь 3 дахин нэмэгдэх болно.

Монгол улсын Төр засгаас мал аж ахуйг хөгжүүлэх талаар онцгой анхаарч Улсын Их Хурлаас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

Монгол мал үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг энд дарж үзнэ үү.
Мал эмнэлгийн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн
нэгжүүдийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
Малын эмийн улсын бүртгэлийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
“Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл” төслийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.
“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг огтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд
эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр зээл авсан аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө зарцуулалтын
тайланг энд дарж үзнэ үү.

                 hom1