Хамгаалагдсан хөрсний хүнсний ногооны үйлдвэрлэлийн хөгжил, өнөөгийн байдал

 

Байгаль цаг уурын эрс тэс, хүйтэн сэрүүн уур амьсгалтай орнуудад өвлийн улиралд ил талбайд таримал ургуулах боломжгүй, зуны улиралд дулаанд дуртай ургамал тариалахад дулааны хангамж хүрэлцдэггүй, ургалтын хугацаа урттай ургамлын болц нь гүйцдэггүй зэрэг байгалийн бэрхшээлтэй нөхцлөөс хамгаалж ургамал ургах тохиромжтой нөхцлийг бүрдүүлэх, жилийн 4 улиралд хүн амаа шинэ ургацын ногоогоор хангахын тулд өвлийн болон зуны хүлэмж барьж ашигладаг.

Монголчууд хүнсний ногооны тариалангийн өнө эртний уламжлал багатай, таримлын нэр төрөл цөөн бахүлэмж, дарлаганд ногоо тариалж ирсэн богино хугацааг 4 үе шатанд ангилж болох юм.

Анхны үе шат 1960 он хүртэлх хугацааг хамрах бөгөөд бөөрөнхий байцаа тариалж эхэлсэн 1950-иад оны эхэн үеэс түүний үрслэг бойжуулах бууцан халаалттай ба халаалтгүй шилэн дарлагыг Жаргалант, Батсүмбэр, Борнуур, Амгалангийн сангийн аж ахуйнуудад хэрэглэж эхэлжээ.

1955 онд Амгалангийн сангийн аж ахуйд уурын халаалттай, хойт ханыг тоосгоор хийсэн нэг дээвэрт шилэн хүлэмжийг БНХАУ-ын зураг төслөөр 2000м2 ашигтай талбайгаар барьж байгуулжээ. Энэ хүлэмжинд вандан тавиур болон хөрсөн дээр байцаа, хэмх, лоолийн, үрслэг бойжуулж эртийн байцаа, ногоон сонгино, хэмх, лооль ургуулж хэрэглээний шинэ ургац авч байсан. Дараахан нь Өвөрхангайн Хужирт, Архангайн Цэнхэр, Баянхонгорын Шаргалжуутын халуун рашааныг түшиглүүлэн хятад хийц загварын нэг дээвэрт 200-500м2 талбай бүхий шилэн хүлэмж байгуулж амралт, сувиллын хэрэгцээнд хүнсний ногоо тариалж эхэлжээ.

Хөрс боловсруулах, тарих, арчлах, халуун, хүйтнийг тохируулах бүхий л ажиллагаа нь гар хөдөлмөр дээр суурилсан, ашиглах талбай бага, шилний зардал өндөр зэрэг үндсэн дутагдлаас цаашид ийм загварын хүлэмж нэмж баригдсангүй.

1960-аад оны эцсээр шилэн хүлэмжийн нийт талбай 700м2 орчим байжээ. 1960-аад оны сүүлч, 70-аад оны эхээр Борнуур, Шарын гол, Батсүмбэрийн сүү, ногооны сангий аж ахуйнуудад халаалтгүй, ихэвчлэн нуман хэлбэрийн шилэн хүлэмж нилээдийг байгуулж, хэмх, лооль, эрт ургацын байцаа, ногоон сонгино ургуулах болсноор 1972 онд шилэн хүлэмжийн нийт талбай 49.7 мянган м2-д хүрчээ. Энэ үеийг хүлэмжийн аж ахуй хөгжсөн хоёр дахь үе гэж тооцож болох юм. Төв, Сэлэнгэ аймгийн сүү, ногооны чиглэлийн сангий аж ахуйнууд инженерийн хийцийн бороожуулагч машин бүхий услалтын системтэй болж байцаа ихээхэн тариалах болсноор өвөлжөөний шар өтөг, хөлдүү хомоолоор халаадаг шилэн дарлагын хэрэгцээ ихэсч 1973 онд шилэн дарлагын нийт талбай 82 мянган м2-д хүрчээ.

Нуман хэлбэрийн, халаалтгүй шилэн хүлэмжийг жилийн туршид ашиглах боломжгүй, талбай нь жижиг, их биеийг брус модоор хийж байсан учир чийгэнд хялбар гажиж, өмхрөн хэдхэн жилийн эдэлгээтэй байв. Гагцхүү БНАГУ(хуучин)-аас Борнуурын сангийн аж ахуйд барьж байгуулсан хоёр дээвэрт, металл хайлшин их биет шилэн хүлэмж өнөөг хүртэл ашиглагдаж байна. 1970 оноос хойших 5 жилд “Дэвшил” САА-д Бүгд Найрамдах Болгар Ард Улсын техник эдийн засгийн тусламжаар 6га, ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжаар Улаантолгойн САА-д 2.5га, Зүүнхараагийн САА-д 1га, нийт 9.5га ашигтай талбай бүхий Нидерланд хийц загварын, хос дээвэрт зүймэл шилэн хүлэмж барьж байгуулж жилийн туршид хэмх, лооль, амтат чинжүү ургуулан нийслэл, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээг хангах болсон энэ үеийг хамгаалагдсан хөрсний аж ахуйн хөгжлийн 3 дахь үе гэж зүй ёсоор нэрлэж болно.

Нидерланд хийцийн шилэн хүлэмж нь дотоод ханагүйгээр дээврээр нь зүйж эгнүүлэн барьсан 70м урт, 3.2-6.4м өргөнтэй 10-20 ширхэг хүлэмжээс бүрдэх бөгөөд нэг зүймэл блокийн ашигтай талбай 5000м2 орчим байдаг. Хөрс боловсруулах, бууц, компостоор бордох, услах, ургамалд нэмэлт тэжээл өгөх, ургамлын өвчин, хортонтой тэмцэх арга ажиллагаа, хүлэмжийн доторх чийг, дулааныг хянах, тохируулах нь механикжиж автоматжсан тул хүйтэн, сэрүүн бүсийн хөгжингүй орнуудад түгэээмэл тархсан. Энэ хийцийн хүлэмжинд зөвхөн 12-р сард ургамалгүй байлгаж, халаалтын систем болон бусад засвар үйлчилгээ хийж, хэмх, лооль, чинжүүнээс жилд 2 удаа ургац авч байна. Тэр үеийн сангийн аж ахуй бүрээс жил тутам гаргуулан авдаг байсанХААЯамны Агротайлангаас үзвэл 1986-1990 оны дунджаар дээр дурьдсан 3 сангийн аж ахуйн дүнгээржил тутам лооль 5га-д тариалж 593.2т ургац (1м2-аас 12кг), хэмх 4га-д тариалж 827.6т ургац (1м2-аас 20.8кг) хураан авч байсан бол Дэвшил, Улаантолгойн сангийн аж ахуй 1991-1995 оны дунджаар жил тутам 4.5га-д хэмх тариалж 805.7т (1м2-аас 11кг) ургац хураан авч байжээ (Хүснэгт 1).

Хүснэгт 1. Өвлийн шилэн хүлэмжийн үйлдвэрлэл

5 оны
жилийн
дундаж
 
Тариалагийн
нэр
 
Нийт   Дэвшил   Улаантолгой   Зүүнхараа  
  га     мян.т     кг/м2     га     мян.т     кг/м2     га     мян.т     кг/м2     га     мян.т     кг/м2  
1986-1990  лооль 5.0 593.2 12.0 3.5 447.6 12.8 1.2 194.3 15.7 0.2 25.5 11.6
хэмх 4.0 827.6 20.8 2.2 402.6 18.3 1.2 334.0 26.9 0.5 121.0 16.8
1991-1995  лооль 4.0 442.8 11.0 3.1 363.1 11.7 0.9 79.7 8.6 - - -
хэмх 4.5 805.7 17.8 3.3 648.5 19.3 1.2 157.2 13.1 - - -

Тайлбар: ҮХААЯ-ны агротайлангаас он, оноор түүвэрлэж 5 жилийн дундажийг тооцоолов.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны он жилүүдэд хүнсний ногооны тарих талбайн 40-50 хувь, хураан авах нийт ургацын 65 хувийг дангаараа эзлэгч байцааны үрслэг бойжуулахтай холбогдуулан дарлагын нийт талбай 1990 онд 120 мянган м2-д хүрчээ. Гэвч өнөө үед хүнсний ногооны хураан авах ургацад байцаа дөнгөж 25 хувийг эзлэх эзлэх болж, 2.5-3 дахин тариалалт буурсан тул дарлагын хэрэгцээ ч багасч ихэнхи нь алга болжээ.

1997 оноос хоёр үе шаттайгаар хэрэгжсэн Засгийн газрын “Ногоон хувьсал”, “Атрын 3 дахь аян” хөтөлбөрүүдийнолон талт арга хэмжээний хүрээнд 2500 гаруй иж бүрдэл бага оврын нийлэг хальсан хүлэмж (32, 120, 240, 400м2 г.м.)-ээр айл өрх, жижиг хоршоо, нөхөрлөлүүдийг хөнгөлөлттэй үнээр хангаж дулааны улиралд хэмх, лооль, ногоон сонгино, бусад навчит ногоо ургуулах, байцаа, хэмх, лоолийн үрслэг бойжуулах зориулалатаар ашиглаж сурч байна. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд ийм хүлэмжийн нийт ашигтай талбай500.5мян. м2-д хүрсэнээс үзэхэд 1990-ээд оны сүүлчээс одоог хүртэлх хугацааг хүлэмжийн аж ахуйн хөгжлийн 4 дэх үе гэж үзүүштэй.

Нийлэг хальсан хүлэмж (БНСУ, БНХАУ)-ийн их бие нь металл, хөнгөн, угсрах, зөөвөрлөхөд хялбар, эдэлгээ даах чадвар сайтай. Үндсэн дутагдал нь хүйтний улиралд ашиглах боломжгүй, нийлэг хальсан бүрхүүлийг ойр ойрхон солих шаардлагатай болдог.
Сүүлийн жилүүдэд хот суурингийн хүн амын тоо өсч, амжиргааны түвшин дээшлэн, зохистой хооллолттыг эрхэмлэх болсноор зах зээлийн багтаамж нэмэгдэж, хүйтний улиралд шинэ ногооны эрэлт хэрэгцээ өсч байна.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 141-р тогтоолоор ҮХААЯ-наас боловсруулсан “Өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах” төсөлд 17.4 сая ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг Засгийн газрын үнэт цаас арилжиж бүрдүүлсэн хөрөнгөөс олгох шийдвэр гарсан. Энэ хугацаанд Төслийн Удирдах Хорооны 9 удаагийн хурлаар нийт 112 аж ахуй нэгж байгууллагын 311.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг танилцуулан батлуулж Голомт банкинд хүргүүлсэн.

Одоогийн байдлаар Улаанбаатар хот, Төв, Дархан-уул, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл, Өвөрхангай, Ховд, Сэлэнгэ зэрэг 9 аймаг, нийслэлийн 28 иргэн, аж ахуйн нэгжидГолланд загварын шилэн болон өртөг багатай Хятад загварын нарны хүлэмж байгуулахад жилийн 8 хувийн хүүтэй 3-4 жилийн урт хугацаатай 22.2 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэгдсэн ба 17.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлээд байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд нийт 98990 м2 хүлэмж байгуулж байгаа ба хүнсний нарийн ногооны үйлдвэрлэл 3587 тонноор нэмэгдэж байна. Одоогийн байдлаар 6 аж ахуйн нэгж хүлэмжээ байгуулан тариалалтаа хийж өргөст хэмх, улаан лооль, гүзээлгэнэ, навчит байцаа ургуулан зах зээлд нийлүүлж эхлээд байна.

Энэхүү төслийн хүрээнд Грийн вижитал ХХК Улаанбаатар хот, Өмнөговь аймагт тус бүр 1000 м2 талбай бүхий Япон улсын дэлхийн хамгийн орчин үеийн технологи бүхий усан тэжээллэг орчинд хүнсний ногоо ургуулах үйлдвэр байгуулж 5 төрлийн навчит ногоо ургуулан уул уурхай, нийтийн хоолны газруудад нийлүүлж байна.

Хүнс, Хөдөө аж ахуйн Сайдын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/22 тушаалаар төслийн удирдах хороог шинэчлэн байгуулж Голомт банкнаас зээл нь батлагдсан иргэн, аж ахуйн нэгжтэй хяналтын гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд байна.

                 hom1